Friday, January 22, 2010

ХИС ОУХ-ны тэнхимийн төгсөгчид блогтой боллоо...

Юуны өмнө Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн эрхэм төгсөгч танаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрөгч 2009 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Олон Улсын Харилцааны тэнхимийн нийт төгсөгчидийн уулзалт болсон билээ. Энэхүү төгсөгч оюутнуудын уулзалт өдөрлөгт он оны төлөөлөл болсон төгсөгчид идэвхитэйгээр оролцон, нэг үдэш оюутан насны дурсамжаа ярилцан амжилттай болж өндөрлөсөн. Тэнхимийн эрхлэгч П.Мягмардорж багшийн санаачилсан уг уулзалтын гол зорилго нь тус тэнхимийн харъяа олон улсын харилцааны чиглэлээр төгсөн гарч буй нийт төгсөгч оюутнуудын хоорондын харилцаа холбоог сайжруулан, ирээдүйд нэг нэгэндээ дэм болон Монгол улсынхаа гадаад харилцааны салбарт ихийг хийж бүтээх боловсон хүчин болцгооход туслах төгсөгчидийн холбоог байгуулах явдал байлаа. Ийнхүү уулзалтад хүрэлцэн ирсэн төгсөгчид санал хураасны эцэст 2008 оны Гадаад Харилцааны Менежер - Орчуулагч 4-34 ангийн төгсөгч Ж.Үүрцайхийг холбооны тэргүүнээр томилон, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон билээ. Одоогоор тус холбоо нь дүрмээ батлан, 2010 онд тэнхимийн төгсөгч оюутнуудын дунд зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрөө боловсруулж байна. Үүний нэг хэсэг болох уг блог нь "Залгамж элч" хэмээх холбооны нэрийн дор өнөөдрөөс эхлэн нээгдэж байна. Энэ блогт Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Олон Улсын Харилцааны тэнхимийн бүх төгсөгч гишүүн байх эрхтэй бөгөөд явцын дунд блогт идэвхитэй оролцсон гишүүдэд давуу эрхийг олгох болно.
Сэтгэлд хоногшин үлдсэн оюутан насаа эргэн дурсах, анги хамт олон, найз нөхөдтэйгээ тогтмол харилцаатай байж, үе тэнгийн сургуулийн андуудтайгаа харилцаа холбоо тогтоон, олон улсын харилцаа болон бусад чиглэлээр мэдээ мэдээлэл солилцон, нэгэндээ дэм болоход энэхүү блог тус болно гэдэгт итгэж байгаагаа хэлэхийг дашрамд төгсөгч оюутнуудынхаа цахим анги болох уг блогт болон холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг та бүгдээс хүсэж байна.